Захиргааны эрх зүйн бодлого 1-6   2 comments

Бодлого 1

Иргэн А нэгэн улс төрчийг доромжилсон өнгө аястай мэдээлэл 
бүхий хуудсыг хотын төв талбайд хүмүүст тарааж байгаад
цагдаагийн ажилтан Б-тэй таарчээ. Цагдаагийн ажилтан Б нь
А-ийн энэхүү үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй
байж болох юм гэж үзэж, уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор
үлдсэн хуудсуудыг нь хурааж авсан байна. А үүнийг эс зөвшөөрөн
захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэргийн шүүхэд харьялагдах хэрэг мөн үү?

Бодолт 1

1. ЗХХШТХ 34.1-ийг шалгана. 
Уг маргааныг хянан шийдвэрлэж болох хэм хэмжээ нь Цагдаагийн
байгууллагын болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль байж болох
юм. Аль аль нь НЭЗ-н хэм хэмжээ мөн тул энэ нь НЭЗ маргаан
мөн.

2. Цагдаагийн ажилтан нь ЗХХШТХ 4.1.12-т заасан албан 
тушаалтан байна.Уг зүйлд тодорхой заасан тул 4.3-г давхар 
давхар шалгах шаардлагагүй. 

3. Хуудсуудыг хураан авсан үйл ажиллагаа нь ЗХХШТХ 3.1.4-ийн
дагуу захиргааны актын 6 шинжийг агуулж байна.

4. Цагдаагийн ажилтан болон иргэн А нь Үндсэн хуулийн
субъектууд биш тул үндсэн хуулийн маргааны 2 шинжийг агуулахгүй
байна. /34.1.8/

5. Цагдаагийн ажилтан Б-ийн үйл ажиллагаа нь гэмт хэргийг
бүртгэх, мөрдөн байцаах шинжийг агуулаагүй, харин тухайн
үйлдлийг таслан зогсоох, хэв журмыг сахиулах шинжтэй байсан
тул уг үйлдэлд эрүүгийн эрх зүйн маргааны шинж алга.
ЗХХШТХ 34.1.9

6. Маргаанд иргэний эрх зүйн маргааны шинж алга /34.1.10/

Хариулт: Энэхүү маргаан нь ЗХШ-д харьяалагдана.
________________________________________________________________

Бодлого 2

Иргэн Б их хэмжээгээр тагтаа тэжээдэг. Шувууны өвчин 
гарсантай холбоотойгоор Засаг дарга Б-д тагтаа тэжээхийг
хориглосон тухай 3 сарын 5-ны өдөр мэдэгджээ. Гэвч Б 
үүнийг хайхрахгүй тагтаагаа тэжээсээр байсан тул 
5 сарын 5-нд Засаг даргаас хоригийг сануулсан тухай бичиг
дахин ирэв.
Б үүний эсрэг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах
боломжтой юу?

Бодолт

1. ЗХШ-д харьяалагдах эсэх, 34.1-ийг шалгана.

- Маргааныг Хорио цээрийн болон Гамшгаас хамгаалах тухай
хуулийн хэм хэмжээний дагуу зохицуулах боломжтой бөгөөд
эдгээр нь НЭЗ хэм хэмжээнд хамрах тул энэ нь НЭЗ маргаан
мөн.
- ЗД ЗХХШТХ 4.1.11-д заасан захиргааны байгууллага байна.
Нэхэмжлэлийн зүйл болох ЗД-ын хорио нь ЗХХШТХ 3.1.4 болон
4.2-т заасан захиргааны актын шинжүүдийг агуулж байна.
- Энэхүү НЭЗ маргаанд үндсэн хуулийн, эрүүгийн болон иргэний 
эрх зүйн маргааны шинж байхгүй тул ЗХШ-д харьяалагдана.
/ЗХХШТХ 34.1.8, 34.1.9, 34.1.10/

2. Хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргах боломжтой эсэх

- ЗХХШТХ 32.5.1-ийн дагуу хэрэв захиргааны акт нь иргэн,
хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг
нотолж чадах бол тухайн актыг хүчингүй болгуулахад чиглэгддэг
- Засаг даргын гаргасан шийдвэр нь захиргааны акт мөн болохыг 
дээр баталсан.
- Энэхүү захиргааны актын эрх зүйн үр нөлөө нь дуусаагүй 
байна.
- Б нэхэмжлэл гаргах эрхтэй. Учир нь: Засаг даргын шийдвэр нь
Б-ийн эрхийг хөндөж байгаа нь илэрхий байна. Жич: Дарамт 
учруулсан актын хаяглагдсан этгээд нь ямагт нэхэмжлэл
гаргах эрхтэй байдаг.

3. ЗХХШТХ 34.1.3-т заасан захиргааны журмаар урьдчилан
шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн байх учиртай.
- ЗХХШТХ 6.1-д зааснаар иргэн Б нь захиргааны актыг хүлээн
авсанаас хойш 30 хоногийн дотор холбогдох дээд шатны
байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргасан байх ёстой. 
Гэтэл эхний аргыг 3 сарын 5-нд авснаас хойш 2 сар өнгөрсөн
байх тул энэхүү актын хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны
хугацаа өнгөрсөн байна.
Иймд ЗХХШТХ 34.1.3-т заасны дагуу шүүх нэхэмжлэлийг
хүлээн авах боломжгүй буюу Б-ийн нэхэмжлэл нь хүчингүй
болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чадахгүй байна.

4. Засаг даргын 5 сарын 5-нд явуулсан бичигт Б хүчингүй 
болгох нэхэмжлэлийг гаргаж болох уу?
- Энэ нь мөн НЭЗ-н маргаан тул ЗХШ-д харьяалагдана.
-  Шийдвэр гаргасан субъект нь мөн ижил. /4.1.16/

5. Засаг даргын 5 сарын 5-нд явуулсан бичиг нь 
захиргааны акт мөн үү?
- НЭЗ-н хүрээнд үүссэн
- нэг удаагийн тохиолдол
- захиргааны байгууллага, албан тушаалтан
- тагтаа тэжээхийг хориглосон зохицуулалт нь өмнөх буюу
3 сарын 5-ны актад тодорхой заасан байгаа. Харин 5 сарын
5нд явуулсан бичиг нь бие даасан зохицуулалт агуулаагүй
байна.

Хариулт: Засаг даргын 5 сарын 5нд явуулсан бичиг нь
захиргааны акт биш тул Б хүчингүй болгох нэхэмжлэл
гаргах боломжгүй.
________________________________________________________________

Бодолт 3

А болон Д нь нэгэн орон сууцанд амьдардаг хөршүүд.
А өөрийн сууцандаа уушийн газар ажиллуулах зөвшөөрлийг
эрх бүхий байгууллагаас авчээ. Үүнийг мэдсэн Д уг зөвшөөрлийг 
хууль бус, учир нь уушийн газар ажиллуулбал дуу чимээ ихтэй
тул өөрийнх нь ая тухтай байдал алдагдах болно гэж үзжээ.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болсны дараа Д
шүүхэд хандахыг хүсчээ.
Тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй юу?

Бодолт

1. ЗХШ-д харьяалагдах эсэх, 34.1-ийг шалгана.

Уг маргааныг хянан шийдвэрлэх Орон сууцны тухай хууль нь 
НЭЗ хэм хэмжээ тул энэ нь НЭЗ маргаан мөн.
Зөвшөөрөл нь захиргааны акт /ЗХХШТХ 4.1, 4.2, 3.4.1/
- Энэхүү НЭЗ маргаанд үндсэн хуулийн, эрүүгийн болон иргэний 
эрх зүйн маргааны шинж байхгүй тул ЗХШ-д харьяалагдана.
/ЗХХШТХ 34.1.8, 34.1.9, 34.1.10/

2. Хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргах боломжтой эсэх

- ЗХХШТХ 32.5.1-ийн дагуу хэрэв захиргааны акт нь иргэн,
хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг
нотолж чадах бол тухайн актыг хүчингүй болгуулахад чиглэгддэг
- Зөвшөөрөл нь захиргааны акт мөн.
- Энэхүү захиргааны актын эрх зүйн үр нөлөө нь дуусаагүй 
байна.
- Д нэхэмжлэл гаргах эрхтэй. Учир нь: Засаг даргын шийдвэр нь
Б-ийн эрхийг хөндөж байгаа нь илэрхий байна. Жич: Дарамт 
учруулсан актын хаяглагдсан этгээд нь ямагт нэхэмжлэл
гаргах эрхтэй байдаг.

3. Захиргааны акт нь Д-ийн НЭЗ-н субъектив эрхийг
зөрчиж буй эсэх

4. Д нь захиргааны актын хаяглагч этгээд бус /зөвшөөрөл нь А-д
хандаж гарсан байна/ тул тэрээр өөрийнх нь НЭЗ-н субъектив
эрх нь зөрчигдөж буйг нотлох үүрэгтэй. Учир нь: Д гуравдагч
этгээд тул "хаяглагч этгээдийн" онол үйлчлэхгүй. 
Гуравдагч этгээдийн НЭЗ субъектив эрх нь Үндсэн хуулинд заасан
үндсэн эрхээс бус харин тодорхой хуулиас урган гарч байх ёстой.
Хэрэв хууль тогтоогчийн хүсэл зориг нь зөвхөн нийтийн ашиг
сонирхлыг давхар хамгаалахад чиглэгдэж байгаа нь илэрхий бол
тухайн НЭЗ хэм хэмжээг гуравдагч этгээдийн эрхийг 
хамгаалах шинжтэй гэж үздэг. Үүнийг "хэм хэмжээгээр хамгаалагдах
онол" гэнэ.
Дээрх тохиолдолд Д-ийн эрх нь Орон сууцны тухай хуулиар давхар
хамгаалагдсан байх ёстой. Уг хуулийн 16.1-д заасан 
"оршин суугчид" гэдэгт Д багтаж буй тул түүнд уг эрх нь
хамааралтай юм.
Иймд Д-ийн нийтийн эрх зүйн субъектив эрх нь зөрчигдөж байна.

4. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдсан.

Хариулт: Д нэхэмжлэл гаргах эрхтэй.
_________________________________________________________________

Бодлого 4

Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор
сангийн яамаар дамжуулан 1% хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор
шийдвэрлэсэн байна. Сангийн яам уг зээлийг олгохдоо өргөдөл
гаргагч тус бүртэй зээлийн гэрээ хийж байгаа. Иргэн Н уг 
зээлийг авах хүсэлтэй тул Сангийн яаманд өргөдөл гаргасан 
боловч яам түүнд татгалзсан хариу өгсөн. Урьдчилан 
шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болсны дараа Н нв 
захиргааны хэргийн шүүхэд хандах хүсэлтэй.
Уг маргаан ЗХШ-д хамаарах уу?
Хэрэв хамаарах бол Н ямар төрлийн нэхэмжлэлийг гаргах
боломжтой вэ?

Бодолт

1. ЗХШ-д харьяалагдах эсэх, 34.1-ийг шалгана.

- Маргааны зүйл нь Н-ийн хөнгөлөлттэй зээл авахыг хүсэж 
буй шаардлага. Үүнийг шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээ нь
НЭЗ бол тухайн маргаан нь НЭЗ маргаан болно.
Харин уг тохиолдолд зээлийн харилцааг захиргаанаас
зохицуулах тухай хууль байхгүй байна. Гэхдээ тухайн 
харилцааны агуулга нь НЭЗ харилцаатай нягт холбоотой
бол түүнийг НЭЗ харилцааны шинжтэй гэж үздэг.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох нь
ЗГ-аас эдийн засгийг дэмжиж буй хэрэг бөгөөд энэ нь
нийтийн захиргааны чиг үүрэг юм. Нийтийн захиргаа нь
чиг үүргээ нэг бол НЭЗ аргаар эсвэл Хувийн эрх зүйн
аргаар хэрэгжүүлдэг. 
Субвенцийн хувьд "2 шатны онол" үйлчилдэг. Ө.х субвенцийг 
2 түвшинд ангилдаг. Эхнийх нь түүнийг олгох эсэхийг шийдэх,
хоёрт субвенцийн харилцааг тодорхойлох юм.

Үүнээс эхний шат нь НЭЗ-д хамаарна. 2дах нь субвенцийн
харилцааг НЭЗ-ээр үү эсвэл ХЭЗ-ээр тодорхойлох уу гэдэг нь
захиргааны үзэмжийн асуудал.

Иймд Н-ийн авахыг хүсэж буй хөнгөлөлттэй зээл нь субвенци
байгаад энэ нь хоёр шатны онолын эхний шатыг хамаарч байгаа
бол уг маргаан нь НЭЗ маргаан болно.

Субвенци гэдэг нь төрөөс нийтийн зорилтыг дэмжих зорилгоор
хувь этгээдүүдэд эд хөрөнгийн тусламжийн зарим хэсгийг нь
эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгохыг хэлнэ. Түүний нэг 
хэлбэр нь төрөөс иргэдэд олгох хөнгөлөлттэй зээл юм.

Н нь уг зээлийг авахыг шаардах эрхтэй эсэх нь угтаа түүнд
субвенцийг олгох эсэхийг шийдэх хэрэг юм.
- Татгалзсан хариу гаргасан субъект нь Сангийн яам 
бөгөөд энэ нь ЗХХШТХ 4.1.3-т заасан байгууллага.
- Татгалзсан шийдвэр нь ЗХХШТХ-ийн 4.1, 4.2-т заасны дагуу
захиргааны актын шинжүүдийг агуулж байна.
- Энэхүү НЭЗ маргаанд үндсэн хуулийн, эрүүгийн болон иргэний 
эрх зүйн маргааны шинж байхгүй тул ЗХШ-д харьяалагдана.
/ЗХХШТХ 34.1.8, 34.1.9, 34.1.10/

Хариулт 1: Уг маргаан нь ЗХШ-д харьяалагдана.

1. Н нь сангийн яамны эсрэг даалгах нэхэмжлэл гаргах
боломжтой юм.
- захиргааны акт байна
- гаргах ёстой байсан актын эрх зүйн үйлчлэл нь 
дуусаагүй байхаар байна
- Зээл олгохыг татгалксан шийдвэр нь Н-ийн НЭЗ субъектив
эрхийг хөндөж байна.
- Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан

Хариулт 2: Н нь татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийг
гаргах эрхтэй.
_____________________________________________________________________

Бодлого 5

Архинд донтой Х засгийн газрын буюу Ерөнхий сайдын баталсан 
1994 оны 175 тогтоол болох "Архинд донтох өвчтэй хүмүүсийг
албадан эмчлэх байгууллагуудыг ажиллуулах журам"-ыг хүчингүй
болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тэрээр нэхэмжлэлдээ "ер нь архи ууна гэдэг нь хүний эрхийн
асуудал, иймээс архи уудаг хүмүүсийг албадан эмчлүүлэх
байгууллагыг ажиллуулах нь Үндсэн хуулийн 16.13-т заасан
халдашгүй чөлөөтэй байх, 17 зүйлд заасан нэр төр, алдар 
хүндийг хамгаалах эрхэнд маань халдаж байна. Миний архи 
уух нь төрд хамаагүй" гэжээ.

Бодолт

1. НЭЗ маргаан мөн эсэх /34.1.1/
- Уг маргааныг шийдвэрлэх хэм хэмжээ нь Үндсэн хууль тул
энэ нь НЭЗ маргаан мөн
- Субъект нь ЗХХШТХ 4.1.2-т заасан албан тушаалтан.
- Тогтоол нь 3.1.4-т заасан захиргааны акт буюу хэм хэмжээ 
тогтоосон шийдвэр

Ерөнхий сайдын гаргасан тогтоол нь:
- тодорхой бус тооны этгээдэд чиглэгдсэн
- зохицуулалт буюу эрх зүйн үр дагаврыг дагуулсан
- нийтлэг буюу дахин давталтын шинжтэй хэм хэмжээ тогтоосон
шийдвэр байна. 
- маргаанд үндсэн хуулийн, эрүүгийн, иргэний эрх зүйн маргааны
шинж алга.

2. Х нь уг тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсч байгаа тул ЗХХШТХ
32.5.1-д заасны дагуу хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргах
боломжтой эсэх
- Тогтоол нь захиргааны хэм хэмжээний тогтоосон шийдвэр байна
- Х нь Үндсэн хуульд заасан НЭЗ субъектив эрхэд дарамт учруулж
байна гэж үзэж байгаа тул тэрээр хүчингүй болгох нэхэмжлэлийг
гаргах эрхтэй. Учир нь хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргагч 
этгээд нь заавал тусгай хуулиар хамгаалагдсан субъектив эрхээ 
хамгаалуулахаар шаардах буюу нотлох үүрэггүй.

3. УША зохих ёсоор явагдсан /34.1.3/

4. Бусад урьдчилсан нөхцлүүд хангагдсан байна. /34.1.2, 
34.1.4-34.1.7/

5. Эрх зүйн үндэслэл

Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх байгууллагуудыг
ажиллуулах журам нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн
хүрээнд гарсан байна.
- Уг журам нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон
бусад хүчнн төгөлдөр үйлчилж буй хуулиудтай нийцсэн.
- Х-н Үндсэн хуулийн 16.13, 16.17-д заасан эрхийг хөндөөгүй.
- Энэ нь албадан эмчлэх байгууллаыг ажиллуулах дотоод
журмыг тогтоосон объектив хэм хэмжээ тул Х-ийн субъектив
эрхийг зөрчөөгүй байна.

Хариулт: Журам нь Х-ийн субъектив эрхийг зөрчсөн нь 
батлагдаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
_______________________________________________________________

Бодолт 6

Г нарий боов худалддаг мухлаг ажиллуулдаг. Тэр 
үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах, улам олон хүн
татахын тулд мухлагийнхаа голд ширээ тавьж үйлчлүүлэгчдээ
зарж буй бүтээгдэхүүнээсээ гадна цай, кофе, ус ундаа зэрэг
согтууруулах бус ундаа зарах болжээ. Үүнийг мэдсэн эрх бүхий
байцаагч Г-ээс цайны газар ажиллуулах зөвшөөрөл авахыг 
шаардсан. Хэрэв зөвшөөрөл авахгүй бол уг ширээгээ гаргах
ёстой гэв. Г уг шаардлагыг зөвшөөрөөгүй. Учир нь тэрээр
өөрийнх нь үзүүлж буй үйлчилгээ нь цайны газрын үйл 
ажиллагаанд хамаарахгүй тул зөвшөөрөл авах шаардлагагүй
гэж үзэн үүнийгээ захиргааны хэргийн шүүхээр тогтоолгохыг
хүсч буй.
Г ямар төрлийн нэхэмжлэл гаргах боломжтой вэ?

Бодолт

1.34.1.1. Энэ нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөлтэй холбоотой маргаан тул НЭЗ маргаан.

2. Эрх бүхий байцаагч гэсэн тул 4.1.12-т заасан субъект

3. Г нь байцаагчийн акт хууль бус болохыг тогтоолгохоосоо
илүү өөрөө зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгээ тогтоолгох
сонирхолтой тул байцаагчийн шийдвэр нь 3.1.4-т заасан
захиргааны актын шинжийг агуулсан эсэхийг заавал шалгах
албагүй.

4. Г-ийн нэхэмжлэлийн шаардлага нь зөвшөөрөл авах ёстой 
эсэхийг тогтооход чиглэгдэж байна.

Эрх зүйн харилцаа нь 2 этгээдийн хооронд, эсвэл тодорхой нэг 
этгээд болон эд юмсын хооронд НЭЗ хэм хэмээний үндсэн дээр 
үүссэн харилцаа байх ба уг харилцаа нь маргаантай байх ёстой.
Дээрх маргааны хувьд нэг талаас байцаагч зөвшөөрөл авах ёстой
гэж үзэж байна, нөгөө талаас Г уг зөвшөөрлийг авах шаардлагагүй
гэж үзэж байна. Иймд Г уг эрх зүйн харилцаа байхгүй болохыг
тогтоолгох нэхэмжлэл гаргах боломжтой юм.

Тогтоох нэхэмжлэлийн хувьд субсидаритетын зарчим үйлчилдэг.
Уг зарчмын дагуу хэрэв нэхэмжлэгч нь өөрийн зорилгодоо бусад
үндсэн нэхэмжлэлийн төрлөөр /хүчингүй болгох, даалгах/ хүрч 
болох бол тэдгээрийн аль нэгнийг түрүүлж гаргана. Г нь даалгах
нэхэмжлэлээр зорилгодоо хүрэх боломжгүй, учир нь энэ нь Г-д
зөвшөөрөл авах эрх байгаа эсэх тухай бус, харин ерөөсөө
уг зөвшөөрөл шаардлагатай эсэх тухай юм.

Субсидаритетын зарчим нь хэд хэдэн зорилготой.
Тухайлбал, үндсэн нэхэмжлэлүүдийн нэгнийг түрүүлж
гаргаснаар тэдгээрт тавигдах тусгай урьдчилсан нөхцөлүүдйиг 
тойрохгүй байх /УША/. Түүнээс гадна эрх зүйн хамгаалалтын
хамгийн үр дүнтэй нэхэмжлэлийн төрлийг сонгох зорилготой.
Эрх зүйн харилцааг тогтоолгох талаарх онцгой ашиг
сонирхол байх. Г-ийн хувьд зөвшөөрөл авах шаардлагатай юу
эсвэл үйл ажиллагаагаа энэ чигээр нь цаашид явуулж 
болох уу гэдгээ тогтоолгох ашиг сонирхол байна.

Нэхэмжлэл гаргах эрх

Г нь уг нэхэмжлэлийг гаргахын тулд НЭЗ субъектив эрх нь
зөрчигдсөн болохыг нотлох ёстой. Байцаагч Г-ээс зөвшөөрөл
авахыг шаардаж байгаа нь түүнд дарамт учруулж байна.

5. Маргаанд 34.1.2-34.1.10-т заасан бусад татгалзах
үндэслэл алга.

Хариулт: Г эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох
нэхэмжлэл гаргах эрхтэй.

"Хууль зүйн бодлого бодох аргачлал" 2008 он

2 responses to “Захиргааны эрх зүйн бодлого 1-6

Subscribe to comments with RSS.

  1. иргэн А цайны газар ажиллуулхаар эрх бүхий байгуулагад хандсан. эрх бүхий байгууллага ямар үндэслээр хүлээж аваагүй гэхлээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг үндэслээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өгөөгүй.
    1. энэ ториолдолд захиргааны акт мөн үү

  2. тги

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: